Сонсголонгийн замд 24 см зузаан бетонон зам тавих ажил эхэллээ

 

Эдийн засгийн хөгжлийн яамны "Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголон чиглэлийн 5.5 км авто замын ажлыг "Арц Суварга”, "Бадрах Ойл” ХХК-ууд гүйцэтгэж байгаа. Дээрх компаниуд замын бетон хучилтын ажлыг ХБНГУ-аас "Хера холдинг” группийн оруулж ирсэн WIRTGEN SP500 болон АНУ-ын GOMACO брэндийн бетон дэвсэгч техник ашиглаж байгаа юм. Өнөөдөр тус техник технологийг үйлдвэрлэлийн талбайд танилцуулах уулзалт болсон юм.

5.5 км даацын шинэ замыг ирэх аравдугаар сарын 30-н гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа 

 

 

 

 

Wirtgen SP500 машин нь минутад дөрвөн метр өргөн 26 см зузаан, зургаан метр урт бетон зам дэвсэх хүчин чадалтай аж. "Арц Суварга” ХХК-ийн захирал Ш.Алтансүх "Арматурчлал бүхий цемент бетон даацын зам нь 60 жилийн настай” гэдгийг онцоллоо. Энэ компани өмнө нь "Оюу Толгой” дахь нисэх онгоцны буух, хөөрөх зурвасыг ийм технологиор барьж байжээ. Харин авто замын салбарт бетон дэвсэгч техник ашиглаж байгаа анхны тохиолдол нь Сонсголонгийн зам болж байна.

 

Сонсголон чиглэлийн 5.5 км авто замын ажлыг "Арц Суварга”, "Бадрах Ойл” ХХК-ууд гүйцэтгэж байгаа

Сонсголон чиглэлийн авто замыг 1971 онд 280 метр  гүүрийн хамт барьж байсан бөгөөд том оврын хүнд даацын тээврийн хэрэгсэл байнга зорчдог ачаалал ихтэй зам учраас 90 гаруй хувийн эвдрэл үүссэн байсан юм. Тиймээс энэхүү хэрэгцээ шаардлага, онцлогт тохируулж, тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг 16 м өргөн, хажуугаараа дугуйн болон явган замтай, суурийн үеэс гадна зөвхөн бетон хучилтын зузаан нь 26 см байхаар тооцсон байна. 
"Wirtgen SP500 машинаар дэвссэн бетон замын гадаргууг мөн брэндийн TCM 950 машинаар өнгөлж, авто замын аюулгүйн стандартад нийцүүлдэг” гэж "Арц Суварга” ХХК-ийн инженер Б.Болдхуяг ярилаа.

Wirtgen SP500 машин нь минутад дөрвөн метр өргөн 26 см зузаан, зургаан метр урт бетон зам дэвсэх хүчин чадалтай аж

Шинэ технологиор барьж буй 5.5 км даацын шинэ замыг ирэх аравдугаар сарын 30-н гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.