“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төсөл хямралыг хамтдаа давна

Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл  2013 оноос өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар үндэсний 40 гаруй  аж ахуйн нэгж тус төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 онд 588 айлын орон сууцыг, харин 2015 онд 1656 айлын орон сууцны барилгыг  тус тус ашиглалтад оруулсан байна.
Тэгвэл энэ онд Монгол улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг  Гэр хорооллын Хөгжлийн газраас  гэр хорооллын дахин төлөвлөлт ба бүтээн байгуулалтын талаарх уулзалт зөвлөгөөнийг Барилгын Хөгжлийн төвд өнөөдөр зохион байгууллаа.
Тус уулзалтын гол зорилго нь эдийн засгийн хямралд үл автан, гэр хорооллын төслийг  цаашид амжилттай  үргэлжлүүлэхийн тулд  төсөл хэрэгжүүлэгч компани болон барилгын материал үйлдвэрлэгч компаниудын  хоорондын уялдаа холбоог сайжруулах,  улмаар өнөөгийн хүнд нөхцөл байдлыг хамтдаа  хэрхэн, яаж шийдэх талаар хэлэлцсэн юм.
Энэхүү уулзалтын  үеэр  Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга   Ш.Ганхуягаас  дараах тодруулга яриаг авлаа.
-Төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувьд ажлын явц хэр үргэлжилж байна вэ?
-Төсөл хэрэгжиж эхлээд гурав дахь  жилийн нүүрийг  үзэж байна. Энэ хугацаанд нийт 2000 гаруй айлын орон сууц ашиглалтанд орж,  гэр хорооллын дэд бүтэцгүй байсан газруудад дэд бүтцийн ажлууд тодорхой хэмжээнд хийгдэж,  төсөл үргэлжлээд л явж байна. Гэвч гадаад нөхцөл байдлаас хамаарч ажлын явц удаашрах хандлага бий болж байгаа хэдий ч нэгэнт л төсөл хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөө гаргасан учир үүнийхээ дагуу ажлууд явагдаж байгаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2016 онд хичнээн өрх орон сууцанд орох боломжтой вэ?
 -Бид анх энэ хөтөлбөрийг  боловсруулж байхад  их өөдрөгөөр боловсруулсан байдаг юм л даа. Үүндээ залруулга хийгээд нөхцөл байдлаа тооцоолоод явж байна.  Өнгөрсөн хугацаанд нийт 2000 гаруй орон сууц ашиглалтанд орсон байна. Тэгэхээр энэ 2016 ондоо аль болох үүнээсээ илүү орон сууцыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Уг уулзалтаар компаниуд өрсөлдөгч гэхээсээ илүүтэй нэгдмэл байдлаар  хамтран ажиллах талаар ярилцаж байна. Тэгвэл эхний удаад ямар ямар компани яаж ажиллах  талаар төлөвлөгөө гарсан уу?
-Тиймээ, өнөөдрийн уулзалтын гол зорилго үүнд л оршиж байна. Юуны түрүүнд танилцуулга хийнэ. Мэргэжлийн хүмүүс оролцож байгаа учир барилгын материалаа магтаад, сурталчлаад байхаас илүүтэй ямар  нөхцөл байдлаар хамтарч ажиллаж болох уу, хөрөнгө санхүү  юу, эсвэл барилгын материал цаашлаад  бартерлаж ч хүртэл болно шүү дээ.  Хамгийн гол нь санал бодлоо солилцож ажил хэрэг болгох  л явдал юм.
-Төсөл хэрэгжүүлэх явцад оршин суугчдын зүгээс хүндрэл бэрхшээл юу байв? Албадлага хэрэглэх тохиолдол гарч байсан болов уу?
 -Нийт 70 гаруй га бүхий 1500 гаруй айлын газар чөлөөлөгдсөн байна. Энд ямар ч албадлага хэрэглээгүй,  оршин суугчидтайгаа тохиролцоод л шийдэгддэг.  Харин эхний ээлжинд үндэслэлгүйгээр үнээ нэмэх ч юм уу, тиймэрхүү асуудал гарч байсан. Энэ ганцхан Дорж гуайн асуудал биш, олон нийтийг хамарсан асуудал гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам иргэд маань ойлгож байна л даа.
-Миний санаж байгаагаар, нэгдүгээр хорооллоос  СХД рүү ордог гэр хорооллын арын дэнжийн замыг засмалжуулах ажлын явцад  хоёр айл нь хашаагаа татаагүй учир маш нарийхан зам тавигдсан. Энэ тохиолдолд яах ёстой байдаг юм бэ?
-Яг үнэн. Зөв асуулт асуулаа. Иймэрхүү асуудал зовлон үүсгээд байна шүү дээ. Зам тавих ажил цаг хугацаатай байдаг. Энэ төрлийн асуудал зөвхөн гэр хороололд биш зам тавих явцад гардаг л даа. Нэг талаас иргэний  өмчлөөд авсан газар гэдэг үндсэн хуулиар хамгаалагддаг. Үндсэн хуулиар газар өмчлөх эрхтэй гэсэн эрх нь үүсч байхад бүтээн байгуулалтын ажил хийж байна гээд хамаагүй хандах эрхзүйн орчин  байхгүй. Дээр хэлсэнчлэн, одоогийн нөхцөлд ойлголцох л явдал байна.
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа