2015 онд 2.1 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэжээ

Барилга, бүтээн байгуулалтын компаниуд 2015 онд хоёр их наяд 112.3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснийг Бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээлээд байна. Үүнд 96.9 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн ажил нь дотоодынх, 64.7 тэрбум төгрөг болох 3.1 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.
Улирлаар авч үзвэл барилга угсралт, их засварын ажил 2015 оны дөрөв дүгээр улиралд 610.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 21.4 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар өсчээ. Гэхдээ оны дүнгээр барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2015 онд өмнөх оныхоос буурсан байна. Бууралтын хувьд хэмжээ 1.6 хувь буюу 34.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Үүнд гадаадын байгууллагын төслүүд 51.5 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
Төрлөөр ангилаад үзвэл барилга угсралт, их засварын ажлын 41.7 хувийг нь орон сууцны барилга, 28.6 хувийг нь орон сууцны бус барилга, 26.7 хувийг нь инженерийн барилга, байгууламж, гурван хувийг нь их засварын ажил эзэлж байна. Ийнхүү өмнөх оныхоос орон сууцны бус барилгын ажлын эзлэх хувь 6.8 пункт, орон сууцны барилгынх 1.3 пунктээр нэмэгджээ. Харин инженерийн барилга,байгууламжийнх 6.8 пункт, их засварын ажлынх 1.1 пунктээр тус тус буурсан байна.